Таны сонголт бидний ирээдүй



Дэлхий дахинаа ХДХВ,ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн  арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн тэмдэглэдэг  билээ. 2012 оны олон улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо. 
Олон улсын өдрөөр ХДХВ,ДОХ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоохын тулд бүх нийтээрээ хамтран ажиллахыг гол зорилгоо болгодог. 
Энэ онд манай улс дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Хамтдаа сэргийлье! Таны сонголт – Бидний ирээдүй” урианд дор тэмдэглэж байна.
Хэвлэлийн бага хуралд  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу  нар оролцож ХДХВ, ДОХ болон БЗДХ-ын өнөөгийн нөхцөл байдал,   ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулж зохион байгуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар хэлэхдээ “Хүн амыг ХДХВ-ын халдвараас сэргийлэх, хүн бүрт өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, энэ талын мэдээллээр хангах нь  эрүүл мэндийн салбарын   тэргүүлэх зорилт байсаар ирлээ. Манай улсын хувьд шинээр бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдвар нь зөвхөн бэлгийн замаар дамжиж байгаа, нийт халдварын 50 гаруй  хувийг 20-29 насны залуучууд эзэлж байгаа нь  тэдэнд тусгайлан зориулсан ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх шаардлагатайг нотолж байна” гэв.
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар  ХДХВ,ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ,ДОХ-ын улмаас 17  хүн нас бараад байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар цааш нь хэлэхдээ “Монгол Улсад  энэ өвчнөөс сэргийлэх, оношлогоо, эмчилгээний асуудлыг бие даан шийдвэрлэх зайлшгүй  шаардлага гарч байгаа тул  ирэх 2013 онд Үндэсний стратегийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үндэсний тогтвортой тогтолцоог бэхжүүлэх бодлогын том зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд УИХ-ын гишүүдийн санаачлагаар “ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна” гэв. Энэ хууль батлагдсанаар ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх асуудалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага, иргэдийн оролцоог илүү тодотгон оруулж, ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-той өвчтнүүдийн эрх, нууцлалыг хамгаалах асуудлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой болох юм.
Хэвлэлийн бага хуралд  оролцсон НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу хэлэхдээ “НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр /UNAIDS/-ийн мэдээлснээр дэлхийн улс орнууд Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ДОХ-ын талаар авсан амлалтдаа биелүүлэхэд 1000 хоног үлдээд байгаа ч дэлхийн 25 орон ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлыг 50-иас дээш хувиар бууруулж чадсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо 63 хувиар өсч, 2005-2011 оны хооронд  ДОХ-оос үүдэлтэй нас баралт  25-аас дээш хувиар буурсан байна. Хэдийгээр ХДХВ-ийн халдварыг таслан зогсооход урамтай ахиц гарч байгаа ч  ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр буюу 2011 онд 2.5 сая хүн халдварт өртөж, ДОХ-ын улмаас 1.7 сая хүн нас барсан гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 34 сая хүн байна. Тэдний тал хувь нь  өөрсдийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй.  Хэрвээ тэд халдвартай гэдгээ мэдвэл тусламж үйлчилгээнд илүү олноороо хамрагдах болно. Түүнчлэн эмчилгээний үр дүнг сайжруулах, хоёр ба гуравдугаар эгнээний эмчилгээний зардлыг бууруулах, дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилтийн шинэлэг орчинг бүрдүүлэх замаар эмчилгээний тасралтгүй байдал,  хамрагдалтыг  нэмэгдүүлэх  ажлыг нэн даруй хийх хэрэгтэй байна.” гэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ге Мүүнээс  Дэлхий нийтийн анхаарлыг ХДХВ,ДОХ-ын асуудалд хандуулах өдөрт зориулан гаргасан илгээлтийг уншиж танилцуулав. 
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүнг “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхбаатар танилцуулж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу  нар гардуулж баяр хүргэв.

No comments:

Post a Comment